Ууланд тэнэж яваад таарсиймаа. Эхлээд харахдаа нэг их анзаараагүй л дээ. Тэгээд хараад байсан чинь их зүйл бодогддог юм байна. Модыг ч өрөвдөх сэтгэл төрөх шиг. Буцаж майхан луугаа гүйж патиар болгосон нь энэ. Монгол ардын нэг дуу байдаг даа. Хажуу газар ургасан нь хайлаас модны жам юм уу даа гээд. Тэрэн шиг хадтай газар ургасан нь энэ модны үйл юм уу даа. Жижиг нарийхан модхон байхдаа энэ хаданд ингэтлээ холгуулдаггүй байсан биз хөөрхий. Нас бие гүйцэж холтос нь зузаарч бүдүүрэхийн цагт хаданд холгуулах болж. Салхи гарах тоолонд ганхсаар бараг тал нь алга болчихож. Удалгүй газар харуулдан унах бизээ. Юу бодогдсон гэж үү. Энэ модны үр хурын усаар ундаалан дэргэдэх аврага моднуудтайгаа адилхан өндөр хүчирхэг болох хүсэл мөрөөдөлтэйгээр алтан нар луу тэмүүлж байхдаа хэзээ нэгэн цагт ийм зүйл болохыг төсөөлж байгаагүй биз. Энэ хад ч гэсэн зэрэгцэн оршиж, хэрхэн ургаж байгааг нь харж байсан нялх модондоо ийм гай тарихийн гэж яаж мэдэх вэ. Хад ч гэсэн элэгджээ. Хувь тавилангын эрхээр энэ хоёр нэг л өдөр бие биенээ элээх болж. Орчлон ертөнцийн хууль хаана ч адил юм даа. Хүмүүн бидний амьдралд ч ийм зүйл тохиолдох нь олонтаа.
Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон, хэзээ ч хэнд ч тохиолдохоос буцдаггүй гай зовлон, хэн болохыг нь төрөхөөс нь зааж өгөх хувь тавилан...
Зарим нэгэн маань 100 наслах хувьтай байхад, зарим нэгэн маань цэл залуухан насандаа хорвоог, биднийгээ орхих нь бий. Хувь тавилан гэж байдаггүй юм. Хувь тавиланг бид өөрсдөө бүтээдэг гэж үгүйсгэх хүн олон байдаг. Магадгүй зарим тохиолдолд өөрчлөх боломж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэзээ ч өөрчлөх боломжгүй хувь тавилан бас байдгийг энд ярихгүй өнгөрч болохгүй. Эцэг эх нь ДОХ туссаны уршгаар төрөхдөө л дархлалын олдмол хомсдол туссан байх хүүхдүүдийг яах вэ. Тэр хүүхдүүд бусад хүүхдийн л адил нисгэгч, багш, эмч, дуучин болох хүсэл мөрөөдөлтэй. Тэдэнд үнэндээ тийм хувь заяа одоохондоо байхгүй. Энэ бол эдгэшгүй өвчин. Хэзээ нэгэн цагт тэр хүүхдүүд өвчтөй гэдгээ мэдэх л болно. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч энэ бол гарцаагүй хувь тавилан.
Монголд аборт буюу үр хөндөлт маш их хийгддэг. Тэд чинь бас л эхийнхээ хэвлийд хүн болох гээд шим тэжээлээ чадан ядан цуглуулж байгаа шүү дээ. Ухамсаргүй, эсвэл амьдралын үнэхээр боломжгүй эцэг эх нь өөрийг нь хөнөөнө гэж тэд мэдэхгүй. Хувь тавилангаа өөрчлөх боломжгүй болохоор тэд эхийн сүү ямар амттай байдгийг, эхийн сэтгэл ямар халуун байдгийг хэзээ ч мэдрэхгүй.
Үнэхээр боломжгүй ч гэсэн эх нь үрээ гэсэн сэтгэлээр хүүхдээ төрүүлж бас болноо. Эцэг эх нь хог түүдэг гудамжинд амьдардаг бол яах вэ. Тэр хүүхэд төрсөн цагаасаа л хоол хүнсний дутагдалд орж оюун ухааны болон бие бялдрын хөгжил дутмаг хүн болно. Амьдралд өдрийн од шиг тохиох аз гийж сайхан сэтгэлтэй баян эцэг эх л өргөж авахгүй бол... Бусад хүүхдийн адил сургууль цэцэрлэгт явах боломж байхгүй болохоор ээжээсээ би яагаад сургуульд явахгүй байгаа юм бэ гэж асуух нь лавтай. Юмны учир ойлгодог болсон хойноо үеийнхэндээ нууцхан атаархаж, амьдралыг үзэн ядна. Ийм орчинд өссөн хүүхэд дээшээ гарч сайхан амьдралыг бүтээж чадна гэж үү.
Хэзээ ч билээ дээ өнгөрсөн жил ч бил үү дээ. Нэг залуу гэрийнхэнийгээ өөрөө хүйс тэмтэрсэн эмгэнэлтэй, жигшүүртэй хэрэг гарсан санагдаж байна. Нэг хэсэг л мэдээллийн хэрэгслүүдээр баахан шуугисан. Өсгөж байхдаа эцэг эх нь хүүхдээ хэзээ нэгэн цагт, нас бие гүйцсэн хойноо өөрсдийг нь хороох хүн болно гэж зүүдлээ ч үгүй явсан биз.
Түймэр унтраах гэж яваад осолд орсон гал унтраагчид сургууль соёл төгсөж, хайр дурлалтай учирч, үрийн зулай үнэрлэж байхдаа удахгүй цэл залуухан насандаа хорвоогоос явна гэдгээ мэдэж байсан гэж үү. Тэдэнд хувь тавилангаа өөрчлөх сонголт байсан уу.
Заримдаа ч янз янзын юм бодогдохийн. Хүн амьдралаас алхам тутамдаа суралцаж хором бүрээр ухаажиж, хийсэн алдаандаа харамсдаг болохийн. Хүний амьдрал ингээд бодохоор богинохон ч юм шиг. Ганц удаа амьдрахдаа утсан чинээ улаан амиа хоохойлж, хувиа бодож довоо шарлуулж амьдрахгүй юмсан.
Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлаа гэж.

This entry was posted on Wednesday, August 6, 2008 at 10:47 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 санал

Post a Comment