Үрээ гэсэн сэтгэлээ гэж. Шувуу хүртэл....  

Posted by tuuchii


Өнгөрсөн зун хөдөө амралтаараа нутагтаа очиж амарваа. Тэр үед гадаа гэрийн хатавчинд энэ зурган дээрхи шувуу үүрлэчихээд хэдэн өндөг эргэж тойроод байсийм. Бас болоогүй нөхөр болтой нэг "сэгсгэр юм" дагуулчихсан. Тэрүүхэндээ хөөрхөөн. Удаа ч үгүй байтал ангаахай шаагилдаад л эхэлсэн. Тэрнээс хойш ээж аав хоёр нь минут ч амраагүй байхаа. Бараг л минут тутам ээлжилж өт хорхой зууж ирээд аманд нь хийж өгнө. Тэгээд л буцаад гарангуут нөгөөдөх нь зөрж орж ирээд л... Тооноор орж ирэнгүүт л ээж аавынхаа далавчны чимээг сонсоод нөгөөдүүл нь шаагилдаж өгнө дөө.

Бид нар хааяа харах гээд үүр лүү нь өнгийнгүүт андуураад орилолдохыг нь яана. Энэ зурган дээр харагдаж байгаа байх. Тэгэхээр нөгөө хоёр санаа нь зовдог бололтой тоонон дээр дэрррр... гэж ирээд хараад суучихдагийн. Эхийн сэтгэл...
Удалгүй хэдэн ангаахай ч ухаан орсон бололтой хүн харангуут л бие биенийхээ доогуур толгойгоо шургуулаад нам. Нуугдаж байгаа нь тэр юм байхаа. Сүүлдээ ээж аав нь ч гэсэн хүн тоохоо болиод толгой дээгүүр нисэж оччихоод буцаад гараад явчихдаг болсон. Ээжийгээ ирэнгүүт л үүрнээсээ хушуугаа цухуйлгаад ангалзаж өгнө дөө. Би гайхаад бараагүй. Эд нарыгаа тэгээд ялгаж байгаа л юм байх даа гэж бодогдоно. Минийхээр бол нэгэнд нь л өгчихөөд буцаад байгаа юм шиг. Бусад нь өлсөж үхэхгүй байхыг бодоход ялгаж өгдөг бололтой. Чи идсэн одоо Сөөсгөй, Сагсгар хоёрт энэ тэр гээд л жиргэдэг юм байлгүй хэ хэ. Яг л амьдрал шиг. Хүн бүрийн л ээж аав хуруу хумсаа хуйхлаад ч болсон үр хүүхдээ өсгөж хүн шиг хүн болгох гэж хичээж ирсэн.
Шувуу чинь их хурдан бойждог юм байна лээ. Сар гаруйн дараа л байх нөгөө хэдэн сахилгагүй дэгдээхэй нь үүрнээсээ ээлжилж үсэрч бууцгаагаад эхэлсэн. Нохой мууранд бариулчих гээд л... Буунгуут ээж нь дагаад л дэгдээд байна. Нөгөөдүүл нь юм мөргөж онхолдоод л, хөл гаранд даруулчих гээд. Гараараа барьж аваад үүр лүү нь буцаагаад хийхээр нэг нь зөрөөд буучихна. Үнэн төвөгтэй. Ээж нь санаа зовдог бололтой толгой дээгүүр эргэлдээд л байна. Нисэж чадахгүй байж үсэрч буусаар байгаад нэг нь лав нохойд бариулчихсан. Бас бодлоо. Бид нар ч гэсэн энэ хэдэн ангаахайтай адилхан юм даа гэж. Бяруу ч болоогүй байж бухын баасаар баацгаагаад, ээж аавынхаа үгийг тоохгүй, харин ч илүү юм хэллээ гэж өмнөөс нь өрвөгнөцгөөгөөд л... Эцэг эх маань наанаа хичнээн үглэж, зэмлэж байсан ч цаанаа бол бид хэддээ л санаа зовж хайрлаж байгаа. Тэрийг нь бид даанч хожуу ухаардаг...
Нөгөө хэдэн ангаахай яахав дээ. Хоёр гурав нисэх сургууль хийж хавийн газраар пижигнүүлж байгаад хэдэн тийшээ нисээд алга болсон. Мэдээж амьтан юм болохоор тэгж зовж өсгөсөн эцэг эхийнхээ халамж, ач энэрэлийг санадаг юм болов уу бүү мэд. Тараад явцгаасан болохоор бараг үгүй биз дээ. Эсвэл хаа нэгтэй тааралдахдаа ээжийгээ таниад "Сайн уу ээжээ, би одоо тандаа өт хорхой зөөж өгөх цаг нь болсоон" гэдгийн болов уу хэ хэ бүү мэд. Бараг л өөрөө инстинктээрээ үр хүүхдээ өсгөх нь шувууны үүргээ биелүүлж, эцэг эхийнхээ ачийг хариулж байгаа хэрэг байх даа.
Залуус бид олон зүйл ухаармаар санагддагийн. Хүн гэдэг амьтан мөнх биш юм болохоор эцэг эх маань хэзээ нэгэн цагт хорвоогийн жамаар мөнх бусыг үзүүлнэ. Бид нэг их алт мөнгөнд ороож жаргаахаа байг гэхэд санааг нь зовоолгүй шиг сайн сайхан яваад, очиж уулзаж сэтгэлийг нь дэвтээж л байвал хамгийн сайхан ачлал. Монголчууд бид чинь эртнээсээ л эцэг эхээ ачилж ирсэн нандин сайхан уламжлалтай ард түмээн. Эхийн сэтгэл, эцгийн сэтгэл мандтугай.

This entry was posted on Wednesday, August 6, 2008 at 10:47 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 санал

Post a Comment