Төрийн төлөө оготно  

Posted by tuuchii

Оршил. Эртээ урдын цагт энэ ардчиллаас өмнөхөн нэгэн улсын төрийн хэргийг улаахан хацарт Можгор нам дангаар шийддэг байв. Можгорийнх гэсэн тодотголгүй л бол ганц алхам ч алхахад хэцүү. Харин Можгорт элсэж, түүний "ах ёсны чин сэтгэлийг" ойлгох юм бол бүх юм окей. Тоглоомын дүрэм маш энгийн. Ах нь дүү нартаа санаа тавина, болохгүй тийш хазайвал жавтий хүртээнэ. Ийм дүрэм бий болоход Можгорын бага насны хүмүүжил чамгүй нөлөөлсөн байна.
Уг нь багадаа ард түмэндээ ачлалтай сайн хүү байсан гэдэг. Бие жижигтэй төрсний гайгаар том хүүхдүүдэд үргэлж дээрэлхүүлэх тул хөрш айлын атаман Ивантай хуурай ах дүү бололцож. Хэсэгтээ сайхан л байлаа. Иван ах хүчтэй, ууртай, хонзогнорхуу болохоор хүн болгон айна. Дүүд нь барагтай бол гар хүрч зүрхэлэхээ болив.
Харин тун удалгүй Иван ах дүү нарыгаа ч харгисладаг гаж донтон болох нь мэдэгдэж эхэллээ. Можгорыг үргэлж зодно, өөрийн хүслээ хүчээр тулгана. Үүний дараа Можгор нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ах бол хамгийн хүчирхэг, нууцлаг, бүхнийг зохицуулагч байх ёстой. Ахыг бүгд хүндлэх ёстой. Хүндлэхгүй бол тэр хамгийн аюултай дүү, түүнийг цээрлүүлэхгүй бол толгой цусдана. Үүнээс хойш олон жил өнгөрчээ. Иван ахын жишгээр дүү нараа сургаж, цээрлүүлж бүх зүйлийг хянаж байлаа. Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэгчээр 1990 он гарч байдал өөрчлөгдөв. Дэлхий дахинд шинэ үе ирж Иван ах хүртэл хөгширчээ. Дүү нар ч өсчээ. Шинэчлэлийн вирус салхиар хүчтэй халдварлаж дүү нарын гарыг загатнуулж эхлэв. Тэр дундаа дуулгаваргүй Ховордорж тэргүүтэй эсэргүү нэртэй дүү нарын дуу чангарч эхлэлээ. Бид бол можгор биш харин төрөлхийн л хожгорууд гэж уриалж эхэлцгээв.
Ахад зодуулж залхсан ард түмний санаа сэтгэлийг эргүүлж, цөсийг нь хөөргөж байлаа. Угийн омогшил ихтэй ард түмэн ч амттайхан эрх чөлөөнөөс буцсангүй. Ард түмэнгүй бол можгор ах маань юу ч биш болохоор буруу харж уйлж, зөв харж төв царайлсаар эрх мэдлээ хожгор хэмээн өөрсдийгөө нэрийдэх дүү нарт шилжүүлэв. Үнэндээ бүх эрх мэдлийг биш л дээ. Ахад үнэнч дүү нар байсан болохоор можгор болон хожгорууд ард түмний хамтран эзэмшигч боллоо. Можгорын зүрхэнд хонзон үлдсэн л байж таараа. Нэг тогооноос хооллох болсон хожгоруудын толгойн дээр халуун шөл хөмрөх өдөр заавал ирнэ гэж нууцхан шүдээ хавирч үлдлээ. Сурсан занг сураар боох биш дээ. Можгоруудын хонзон, арга барилыг жулдрайхан хожгор байтугай бурхан багш ч ойлгоход хэцүү. Сайнтай муутай олон ч сонгуулийн нүүр үзвээ.

Эхлэл. Эртээ урдын цагт биш энэ жилийн 7 сард улсын хэргийг шийтгэх 76 цэцнийг сонгох их уралдаан болвоо. Зарим тойрогт 7 чавганц уралдаад 1 нь түрүүлэв. Энэ бол зайлшгүй л зүйл учраас ард түмэн нэг их гайхсангүй. Болдог юм болдгоороо боллоо ёсоороо жамаар гэж. Гэтэл зарим нэгэн тойрогт чавганцтай уралдсан залуус хол хойно хаягдав. Энэ юу болвоо. Эр бяр нь жагссан залуусыг тасархай хаяж хурд хүчээ гайхуулсан чавганцуудын ихэнхи нь можгорынх гэсэн шошготой байв. Энэ онд аль хэдийнээ 7 болсон хожгоруудад цэцдийн уралдаан мэдээж таалагдсангүй. Гэхдээ зарим нэг Можгор намын залуусыг хол хаясан Хожгор намын чавганцуудыг эс тооцвол.

Өрнөл болон хардалт. Олон асуулт гарч ирэв. Олны гайхшыг төрүүлсэн тэр чавганц нар үнэхээр биологийн хуульд захирагддаггүй бие махбодийг бурхнаас өвлөв үү, магадгүй хөнгөн атлетикаар төгс болтлоо хичээллэв үү. Аль эсвэл залуус стадионыг 10 тойрж байхад 3 тойроод шүүгчийн "маш санаандгүй гаргасан " алдааны харгайгаар тойргоо гүйцээлгүй илүү тоолуулаад түрүүлчихэв үү.
Сүүлийн таамаглал амьдралд илүү ойр учраас хожгорууд эсэргүүцэх нь мэдээж. Ард түмэн юу болоод байгааг сэхээрч чадахгүй байв. Нүд чих нь болсон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд 2 талцан секунд тутам эфирт нь өөрийгөө шудрага иргэн гэж нэрийдсэн можгор болон хожгоруудын ам шүд алдсан тангараг цуурайтаж байлаа. Ганц гэрчлэх хүн нь бурхан багш байсан хэдий ч Можгор намын хонзогнол, сүрдүүлгээс айгаад өргөөнөөсөө ч цухуйсангүй. Бурхан багшийн үгүйд бүх л зүйл замбараагаа алдаж эхлэв. Чавганцад хожигдсон доголон нулимстай залуусын бухимдал, уралдааныг дахиулах сонрхолтой хэсэг бүлэг можгор болон хожгорууд, үнэн учрыг олох гэж гайхаш нь тасарсан ард түмний урсгал Ах намын байрны өмнө цугларлаа.
Можгор ахынхан сандарч эхлэв. Гишүүдээ цуглуулав. Мэргэн арга хайж эхэллээ. Хожгоруудаас нэг нүүдэл түрүүлж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол уралдааныг шүүсэн шүүгчдийн "маш санаандгүй алдаа" илрэх аюулд оржээ. Энэ илэрвэл ертөнцийн төгсгөлөөс ялгаа байсангүй. "Өөрийг нь өөрөөр нь багалзуурдуулъяа", "Хүний гараар могой бариулъяа","Өрөвдүүлье, Монголчууд ялагдаж байгаа талд нь ордог шүү дээ" гэх зэргийн олон санал гарч ирлээ. Удтал зөвлөлдсөний эцэст дээрхи аргуудын комбинаци болох намын байрыг золионд гаргасан "Хүчирхийлэлд өртсөн можгор" нэртэй аргыг дуу нэгтэй сонголоо. Зарим нь тэр дороо хувцасаа сольж гараад намын байр луугаа чулуу шидэж эхлэв. Зарим нь цагдаа цэргийн байгууллага руу утасдан жагсаалыг тараах хүн хүч явуулахгүй байхыг зарлигдав . Харин жагсаалыг дэврээх салхи болгох зориулалтаар цөөн тооны цагдаа хүслээ. Мэдээж Монголын төрд энэ мэтийн жагсаалыг нэг их сүр болголгүй, хүчирхийлэл үүсгэлгүйгээр тараачих хангалттай тооны цагдаа цэрэг байлгүй яахав. Бүх зүйл төлөвлөснөөр болж байлаа. Авчирсан цөөхөн цагдаа нь цугласан олныг резинэн сумаар буудаж шарыг нь хөдөлгөчихөөд зугтаж байв. Үнэндээ цагдаа нарын буруу ч гэж юу байхав. Удирдлагууд л муур хулгана болох ажлыг зохион байгуулсан. Цагдаа нарыг болон гэнэнхэн хожгоруудыг жагсаалын галыг дарахад бус харин гал дээр шар тос асгахад ашиглаж байв. ТВ-р намын дарга байраа сахин сууж байна, зэрлэг бүдүүлэг танхайчууд цагдаа зодож, түймэр тавьж байна гэх мэдээллүүд ар араасаа хөврөв. Гэнэн итгэмтгий, цагаан цайлган, түргэн ууртай Монголчуудын тархийг хялбархан угаав. Салхи эргэлээ.
Ард түмэн Можгоруудыг өрөвдөж эхлэв. Төр төмөр нүүрээ энэ танхайчуудад гаргах ёстой гэж бүгд л шуугиж эхлэв. Одоо нэгэнт санасандаа хүрч байгаа оножээ. Одоо ард түмнээс зөвшөөрлийг нь авчихсан учраас сахилгагүй дүү нарыг цээрлүүлэх цаг нь иржээ. Онц байдал зарлан, мэдээллийн хэрэгслүүдийг хааж байгаад хуягт танк, цагдаа цэрэг дайчлан буудаж алахыг нь алж, баривчлахыг баривчлав. Ард түмний сэтгэл дээр тоглосон эмгэнэлт жүжиг өндөрлөлөө. Одоо ганц байгаа мэдээллийн хэрэгслээр дуртай юмаа яриж, дунд чөмгөөрөө жиргэх л үлдлээ.

Төгсгөл. Энэ бүхний дүнд хэн юу хожив.Ард түмний ойлгосноор буюу, ард түмэнд Можгор намын ойлгуулснаар намын байрыг шатаасан, уран зургийн галлерей дээрэмдсэн хүмүүс л хожсон мэт. Гэтэл өөрсдөө за та нар дээрэмд, шатаа, та нар бол эрх чөлөөт хүмүүс, та нарыг юу ч зогсоож чадахгүй гэж зогсохдоо ил ба далд хэлбэрийн камераар бүгдийг баримтжуулж авсан. Энэ бүхний эцэст ард түмний сэтгэлийг эргүүлсэнийхээ дараа бичлэгээ буцааж гүйлгээд л хялбархаан гэгчээр бүгдийг баривчлаад хоричихлоо. Цагдаа болон жагсагчид адилхан л ард түмэн. Жагсагчдийн уур хилэнг өөрсдөөсөө зайлуулан цагдаа цэрэгт шилжүүлснээр ард түмэн өөрөө өөрсдийгөө шийтгэж байна. Өөрөө өөрөөсөө өшөө авч байна. Эрх баригчид энд хожлоо.
Энэ бүхний дүнд хэн хохиров. Мэдээж ард түмэн. Эв нэгдлээрээ, үр хүүхэд хань ижлээрээ хохирлоо.
Энэ бүхэн хэний буруу вэ? Эрх баригч 2 нам, учраа мэдэхгүй жижиг намууд, булхай хийгчид, ялагдаж сураагүй, ойворгон хүмүүс энэ бүхэнд буруутай. Эд хэн бэ гэдгийг бид зөв таних л чухал. Хэдий болтол хүний тоглоом болж, өөрөө өөрсдийгөө шийтгэх юм бэ? Монголчууд бид чинь эвтэй байхдаа хүчтэй.

 

Posted by tuuchii













Үхлийн тухайн хааяа би боддогийм.
Үг сольж үзсэн ч юм шиг заримдаа санагддаг
Царил барьсан хар хувцастай хүн санаанд ордоггүй.
Царайлаг төрхөнд нь гуниг нэвчсэн бүсгүй харин байдаг.
Бүдэг бадаг оюунд минь сүүмэлзэж
Бүүр түүрхэн үзэгдэж булингар үүсгээд оддог.